
Сумогийн их аварга Асашёорюү хамт наргисан бүсгүйдээ бэлэг авч өгөхөөр "Централ таур”-ын нэг давхарт байрлах LV брэнд дэлгүүрт очоод найз бүсгүйнхээ сонгосон барааны төлбөрийг төлж чадахгүй болсондоо уурсан шил толийг нь хагалж түйвээсэн тухай сенсааци мэдээг Зиндаа.мн сайт нийтэлсэн.
Энэхүү мэдээллийн мөрөөр олон хүн манай сайтад хандсаны дотор Асашёорюү аваргыг барьц алдуулсан бүсгүйн нэрийг олон нийтэд ил болгохыг санал болгожээ. Харин дуучин Марта гэх бүсгүй өөрийг нь Зиндаа.мн сайт дээр аваргатай хамт LV дэлгүүрт очиж түйвээсэн гэж бичсэн мэтээр гадуур ярьж явна. Манай сайтан дээр энэ хүнтэй холбоотой тийм мэдээлэл гараагүй бөгөөд аваргатай хамт дэлгүүрт морилж, 15 сая төгрөгний хувцас хэрэглэл сонгож "дайны” эхлэлийг тавьсан бүсгүйн нэрийг бид зарлаагүй. Харин дуучин Марта гэх бүсгүй аваргатай хамт явсан гэх коментууд олон сайтан дээр гарчээ.
Хэрэг явдлыг эргэн дурдъя. Тэр өдөр Асашёорюү их аваргыг найз бүсгүйнхээ хамт LV брэнд дэлгүүрт ирэхэд нэлээд дээгүүр албаны эрхэм оргилуун дарс барьсаар ВИП өрөөндөө гүн хүндэтгэлтэй угтсан байдаг. Аварга маань оргилуун дарс шимж, бүсгүй хувцас хэрэглэл сонгожээ. Гэтэл төлбөр хийх цаг болоход бүсгүйн сонгосон бараа 15 сая болж, аваргын картан дахь мөнгө хүрэлцээгүй. Аваргын картанд ойролцоогоор 13 сая төгрөг байсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэтэл худалдагч учир байдлаа хэлэхэд Аса аварга "Би банкны эзэн хүн. Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу ярьж, наад төлбөрөө ав” гэжээ. Банк руу ярьтал "Бид энэ асуудлыг шийдэх боломжгүй” гэсэн хариулт өгсөн байна. Үүний дараа их аварга гэнэт агсарч оргилуун дарсны хундага, ширээ, буйдан бүгдийг нь авч чулуудан шил толь болсон дэлгүүрийг яг түйвээсэн байдаг.
Хамгийн гол нь энэ бүхний эх үүсгэлийг тавьсан залуу хатагтай байдлыг намжаахын оронд "Би сонгосон бараагаа авч явна” хэмээн тас тэврээд, хөл дээрээ гуйвж дайван зогссоор байсан ажээ.
Энэ бүхэн дэлгүүрийн хяналтын камераар дамжин Парис дахь LV-гийн төв оффист хүргэгдсэн гэж байгаа. Аварга маань тэр хүүхнээс болж нэлээдгүй асуудалд ороод байна. Олон сая долларын өрөнд унаж ч магадгүй нөхцөл байдал үүсээд буй.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон бүсгүй нь дуучин Марта гэх мэдээллийг тодорхой иргэд гаргасан байна. Өөрийгөө Марта гэж нэрлэсэн бүсгүй энэ талаар огт мэдээлээгүй Зиндаа.мн сайтыг "Танайх тийм мэдээлэл тавьсан байна. Авч хая” гэж загнах аястай. Нэгэнт манай сайт Марта гэдэг хүний талаар мэдээлэл тавиагүй тул авч хаях мэдээ байхгүй. Ер нь зарим нэг дуучин нэртэй хүмүүс битгий хэл төрийн тэргүүн нь ч чөлөөт хэвлэлийг зандарч, захирах эрхгүй байдгийг залуус ойлгох хэрэгтэй. Харин дэндүү давруу шуналаасаа болж их аваргыг байдалд оруулсан бүсгүйг олон нийтэд зарлах нь зөв гэж бид үзлээ. Ингээд сайтаараа дамжуулан Дуучин Марта гэх бүсгүйгээс дээрх асуудалд албан ёсоор хариулт өгөхийг хүсч байна. Хариултыг бичгээр ирүүлж болно, эсвэл ярилцлагаар өгч болно.
Их аваргын хуулийн зөвлөх Г гэгч бидэнтэй холбогдсон бөгөөд энэ талаар тайлбар ярилцлага өгөхийг хүссэн боловч татгалзсан хариулт өгсөн юм. Мэдээлэл нэгэнт тодорхойгүй байгаа энэ цаг үед сэтгүүлчид нэгдүгээр эх сурвалжаас тайлбар авахгүйгээр жинхэнэ хэргийн эзнийг яаж олох билээ.
Б.Сараа